2016 оны 3 сарын 31

Нэгэндээ улам ойртоод байгаа юм шиг хэрнээ холдоод, ойлгоод байгаа юм шиг хэрнээ дүр эсгээд байгаа юм шиг санагдах болж. Учрыг бодож үзвээс бидний нэгэндээ гаргадаг чин сэтгэл, зориулдаг цагаа хэмнэх гэсэн сэдлээс энэ бүхэн үүдэлтэй юм шиг. Цэцгийн дэлгүүр орж хайртынхаа хүссэн цэцгийг сонгоод ил захидал дээр сэтгэлийн үгээ бичээд түүн дээрээ тэвэрч очихоос илүү цэцэгт мэндчилгээний утасруу ганцхан цохиод л бүх асуудал шийдэгддэг болчихож.

 

Амьд харилцаанаас илүү амарчилсан сэтгэлгээ давамгайлаад эхлэхээр хүмүүс хаа нэгтэйгээс чин сэтгэл хайж эхлэдэг байж мэднэ.  Саяхан нийтлэлч Ж.Тэгшжаргалын бичсэнийг уншлаа. Яг л энэ сэдвийг, яагаад  гэдгийн хариултыг хэлээд өгөх шиг санагдав. Түүний бичсэнээр “Үг гэдэг хачин эд. Нүүр тулахад амнаас гарамгүй нандин үг, угтаа сэтгэл гэж бий санж. Бид залбирахдаа, мөрөөдөхдөө, төсөөлөхдөө нүдээ аньж, дотроо шивнэдэг. Учир нь бидний мэдэх нандин бүхэн нүдэнд харагдахгүй, чинадын чинадад нуугдаж байдаг аж. Яг л үүн шиг үзэг, цаас амсуулан бичих нь үгэнд гэгээн шид нэмж буй хэрэг. Шидгүй, сэтгэлгүй үгс өрсөн тоосгоноос ялгарах зүйлгүй.

Биднийг хайрцаглан буй компьютер, гар утсаар түмэн үг өрдөг хэдий ч эд сэтгэлгүйн учраас мөнөөх шидийг нь шүүгээд авчихдаг байж мэднэ. Үгийг үзэглэнэ гэдэг хоолой дээр тээглээд амаар дамждаг шиг амархан дамжлагатай байдаггүй болохоор бид боддог, тунгаадаг.Бодлогогүй үг амаар гардаг ганцхан сувагтай байсан нь өргөжин тэлээд мессеж, мессенжер тэргүүтнээр өртөөлдөг болжээ. Хүн хүнээсээ холдоод л байгаа гэдэг. Угтаа сэтгэл холдон буй учраас л тэр биз ээ.” гэсэн байна. Шинээр хийгдэж буй залуу найруулагч Б.Чингүүний “Өртөө” уран сайхны кино мөн л захидлаар харилцаж эхэлсэн нэгэн хайрын түүхийг уран бүтээлээрээ харуулахыг зорьсон бололтой. Чин сэтгэл, гэгээн хайрын түүх захидлаар @ӨРТӨӨ -лөн айсуй. Ингэхэд нээрээ би хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнд сэтгэл гаргаж захидал бичлээ. 

www.HOT.mn