
Зохиолын дуу ид моодонд орж байсан 2000 оны эхээр хамтран дуулж, зохиолын дууны хатан, ханхүүгээр өргөмжлөгдөж явсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтын уран бүтээлээ 13 жилийн дараа үзэгч түмэндээ өргөн барьсан. Сар шинийн баярыг тохиолдуулан Хаврын найраг дууг үзэгчдэд хүргэсний дараа монгол түмэн тэднийг дахин уран бүтээлээ хамтран гаргаж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн билээ.
Нэгэн цагт хайрын романс үүсгэж явсан дуучид маань тус тусын амьдралаа хөөж хоёулаа гурван хүүхдийн эцэг эх, сайхан ханьтай учирсан. Тиймдээ ч амьдрал нь тогтсон хойноо тэд нийгмийн сайн сайханд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь зөв гэж үзээд хамтран тоглолт хийхээ зарласан билээ.
Монгол бөхийн өргөөнд гурван өдөр тоглох уг тоглолтоо тэд “Илгээлтийн эзэд” хэмээн нэрийдсэн бөгөөд зуданд нэрвэгдсэн малчин түмэндээ туслах үүднээс малын нэмнээ, өвс зэргийг авч ирэхийг үзэгчдээсээ гуйсан. Мөн тоглолтын мөнгөө малчдад тусламж хүргүүлэх үйлсэд хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл хоёр дуучны маань анхны өдрийн тоглолт өчигдөр болж, Бөхийн өргөө гишгэх зайгүй хүнээр дүүрчээ. Үзэгчид дуучдынхаа хүссэнчлэн нэмнээ, бээлий гээд малчдад хэрэгтэй олон зүйлийг авч ирснээс гадна малчдад хүрэх өвсний тусламжийн анхны цуваа өчигдөр орон нутгууд руу гарсан байна. Хамтдаа хүмүүнлэгийн үйл эрхэлж буй хоёр дуучин өчигдөр 13 жилийн өмнө үзэгчдэд хүргэж, хамгийн сонсох дуртай дуу нь болж байсан олон сайхан дууг хамтран дуулжээ. Тэдний тоглолт дахиад хоёр өдөр үргэлжлэх бөгөөд билет нь хэдийнэ дууссан аж.



www.mminfo.mn




