2016 оны 3 сарын 10

 Талбайн теннисийн од Мария Шарапова сэргээшийн шинжилгээнд унасны улмаас “Nike” компани 70 саяын гэрээгээ цуцалжээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үед цуснаас нь “meldonium” хэмээх бодис илэрсэн байна. Уг бодисыг олон улсын газрын теннисийн холбооноос хориотой сэргээшийн жагсаалтад оруулахаар болж, нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байсан юм. Өнгөрсөн даваа гаригийн орой Мария Шарапова энэ талаар тайлбар хийхээр Лос Анжелес хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн шалтгааны улмаас “meldonium”-ийг 10 гаруй жил хэрэглэж байгаа” хэмээжээ. Түүнчлэн Шарапова “Газрын теннисийн холбооноос шинэчлэл хийж байгаа тухай мэдээ надад ирсэн. Харин ямар төрлийн бодис хориотой сэргээшийн жагсаалтад орсон тухай мэдээгүй” гэжээ. Харин Nike компани “Шараповагийн энэ мэдээнд манай хамт олон их гайхлаа. Бид түр хугацаагаар түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж байна” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн “American Express”, “Avon”, “Evian”, “Porsche” зэрэг компани ч түүнтэй байгуулсан гэрээгээ түр хугацаагаар цуцлаад байгаа аж. Мария Шараповагийн талбайд гарах эрхийг талбайн теннисийн холбооноос гуравдугаар сарын 12 хүртэл түдгэлзүүлээд байгаа ч хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. 
 
Б.СИЙЛЭН

Эх сурвалж http://www.info.mn