2016 оны 3 сарын 9

Стилист гэх ойлголт сүүлийн хэдэн жилийн манай залуучуудын дунд мода болоод байгаа билээ. Тэд жирийн хэн нэгнийг олны танил "од" болгоход асар их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл,стилистүүд бол жирийн хэн нэгний дотоод ертөнцийг гадаад хувцаслалт, нүүр будалтад нь гарган ирж чаддаг жинхэнэ хувийн сэтгэл зүйчид юм.

Тэд зүгээр нэг гоё даашинз ба өндөр өсгийт сонгох биш харин хариуцаж авсан хүнийхээ гадаад дүр төрхийг бүхлээр нь бүрдүүлж, аймшигт алдаануудаас байнга хамгаалж явдаг. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа О.Белла гэдэг стилист мэргэжилтэй монгол бүсгүйтэй ярилцлаа.

-2016 оны хаврын улиралд ямар өнгө төрхтэй загварын хувцас, үсний хэлбэр мода болох вэ гэсэн асуултаар яриагаа эхлэе.

-Урин цаг ирж байна. Энэ хаврын хувьд маш тод өнгөтэй хувцаснууд тренд болно. Яг л чихэр шиг ягаан, цэнхэр, шар, улаан гэх мэт. Ягаан, ногоон өнгөний хувьд тортны крем дээр байдаг шиг зөөлөн өнгөнүүд давамгайлна. Мэдээж хар, цагаан өнгө моданаас гарахгүй. Охидын хувьд гала буюу шохоон цайвар өнгөнүүд илүү тренд болох хандлагатай байна.

Манай өсвөр насны охид азийн бусад орны охидыг бодвол маш загварлаг, дэгжин санагддаг. Үсний хувьд урт богинодоо гол биш. Зөвхөн өөрийн өнгө төрхөндөө тохируулж үсээ самнах нь маш чухал.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд хувцас худалдан авахдаа стилистээс зөвлөгөө авдаг болжээ. Таны хувьд стилистийн чиглэлээр хэр удаан хугацаанд ажилласан бэ?

-Миний хувьд бага наснаасаа АНУ-ын Лос Анжелас хотноо амьдарч байгаад ирсэн. Тэр улсад “California state university” сургуулийг дүүргэсэн. Оюутан байх хугацаандаа “BB” гэдэг компанид худалдагчаар ажилладаг байлаа. Дараа нь “Беверли Хилсс”-т байдаг салбарт нь анх худалдагчаар ажилласан.

Хүний стильимидж гэдэг цусанд байдаг юм билээ. Удаагүй манай компанийн эзэн маань намайг үнэлээд, энд тэндэхийн загварын шоунд явуулдаг болов. Тэдгээр шоунаас өөрсдийнхөө дэлгүүрт борлуулах барааг сонгож, цуглуулдаг байлаа. Тэр цагаас эхлээд л загварын ертөнц рүүилүү дурлаж, татагдах болсон доо.

Мэдээж бүх зүйлд бизнес бий. Миний сонгосон бүтээгдэхүүн худалдан авагчийн хүсэл сонирхолд хэр нийцэх вэ, хэр борлуулалттай байх вэ гээд л бүх зүйлд бизнес санаа шингэдэг.

Энэ компанидаа нэлээд удаан ажилласан. Түүний дараа таван жил орчим хугацаанд Өмнөд Америкийн 14 салбар дэлгүүртэй компанийн АНУ дахь худалдан авч хийж байгаад эх орондоо ирсэн. Одоо эх орондоо хоёр салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Манайхан хувцасны сонголтод хэр мэдрэмжтэй ханддаг вэ?

-Мэдрэмжтэй шүү. Гэхдээ манайхан өөртөө итгэлгүйгээр, хүний амаар худалдан авалт хийдэг дутагдалтай талтай. Жишээлбэл, нөхөртэйгөө орж ирээд өөрт таалагдаад байгаа хувцсаа үзүүлээд, тэр нь нөхөрт нь таалагдвал авна, таалагдахгүй бол авахгүй. Яг өөртөө итгэлтэйгээр сонгосон хувцсаа авдаг хүн тун цөөн. Зууны 20 хувийг нь л эзлэх байх.

-Хувцаслалтдаа гаргадаг бидний нийтлэг алдаа юувэ?

-Хүн толгойноосоо хөл хүртлээ брэндээр хувцаслах албагүй. Хамгийн түрүүнд өөртөө зохимжтой хувцас сонгож өмсөх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий хямдхан хувцас өмсөх хэрэггүй. Яагаад гэвэл, манайх шиг эрс тэр уур амьсгалтай, шороо чулуу ихтэй газар хямдхан хувцас үнэтэйгээ ижилхэн хэврэг байдаг гэж би хувьдаа боддог.

Монголчууд бидний биеийн онцлог европчууд шиг галбиртай ч богино хүзүүтэй. Тийм учраас өөртөө зохимжтой хувцас сонгоход бага зэрэг ярвигтай байж магадгүй. Гэхдээ нас нь 30 гарсан хэдий ч өөртөө юу зохихоо мэддэггүй хүмүүс байдаг. Тийм хүмүүст зөвлөөд өгөхөөр зүрх нь хүрдэггүй, сонголтоо хийхдээ айдастай байх жишээний.

Хүн шинэ биш ч цэвэрхэн хувцас өмсөж явах хэрэгтэй гэж боддог.

-Хүний хувцаслалтаар тухайн хүний араншинг тодорхойлж болох уу?

-Болно. Хүний хувцаслалтыг хараад явах нь “мэргэжлийн өвчин”-тэй юм шиг байгаа юм /инээв.сур/. Миний хувьд энд тэнд явж байхдаа хүмүүсийн хувцасны загвар, өнгө, материалыг хараад л шинэ санаа олж авдаг. Хүний үзэл бодол, зан чанар хувцсаараа тодорхойлогдох тохиолдол бий.

-Таныг олны танил хүмүүс зөвлөгөө өгдөг гэж сонсож байсан. Тухайлбал, ямар хүмүүс таны байнгын үйлчлүүлэгч вэ?

-Байнгын үйлчлүүлэгч маш олон. Олны танил гэвэл топ модель Сэлэнгэ, дуучин Хишигжаргал,МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, Драмын жүжигчин Г.Отгонцэцэг гэх мэт олон хүн надаар үйлчлүүлдэг. Харин эрэгтэй хүмүүс одоохондоо надад хандаагүй байна. Манайхаас удахгүй нэгреалти шоу зохион байгуулах гэж байгаа. Тэр шоунд эрэгтэй хүн дээр ажиллах бодол бий.

-Сүүлийн үед “брэнд” гэдэг үг нийгэмд мода болоод байгаа. Та брэндийг юу гэж боддог?

-Брэнд гэдэг нь чанараараа компанийнхаа нэрийг олонд таниулсан, худалдан авагчдын ташаалд нийцсэн шошго, лого бүхий бүтээгдхүүнийг хэлнэ. Тухайн бүтээгдэхүүний ард чадварлаг баг хамт олон ажилладаг. Тэдний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд брэнд бий болдог. Сүүлийн үед топбрэндүүд нэлээд бий болж байна. Жишээлбэл, Mango, H8 гэх мэт. Эдгээрийг дундаж амьдралтай хүмүүст зориулсан учраас мэдэхгүй хүн байдаггүй.

Брэндээр учиргүй өөрийгөө гоёхгүй ч гэсэн, хүнд ганц нэг брэндийн бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Брэндийн ямар нэг зүйлийг өмссөн байхад өөрт ямар нэг гоё мэдрэмж төрдөг. Гаднаас харсан хэн нэгэнд үнэтэй, чамин харагддаг. Бас үнэтэйгээ ижил чанарыг мэдрүүлж чаддаг.

Брэнд нэг талаасаа хэрэглээ, нөгөө талаас өөртөө мэдрэх таашаал гэж ойлгож болно.

-Махлаг биетэй хүмүүс хувцас сонгохдоо юунд анхаарах ёстой вэ?

- Ямар ч бие галбиртай бүсгүй өөрийн гэсэн бусдыг татах чанар, үнэлэмжтэй байдаг. Гэхдээмахлаг эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн гол асуудал бол хувцаслалт. Тэдэнд туранхайхарагдахын тулд хар бараан хувцас өмс гэж ихэнх хүмүүс зөвлөдөг. Гэтэл байнга хар хувцас өмсөж явна гэдэг байж боломгүй зүйл.

Хэрвээ та хар бараан хувцсыг байнга өмсөх боломжгүй бол цээжээ хэт ил гаргасан зүйлийг бүү өмс. Махлаг эмэгтэйчүүд ихэнхдээ том хөхтэй учир цээжээ ил гаргах нь илүү тарган, махлаг болгож харагдуулдаг аж. Ихэвчлэн V хэлбэрийн захтай цамцыг сонго. Энэ нь цээжийг тань нарийн, урт харагдуулах болно. Цээжний дунд хэсэгт цамцны ханцуй төгссөн байж болохгүй. Учир нь тэдгээр хэсгүүд цээжний хэсэгт анхаарлыг төвлөрүүлж, таны тарган байдал нийтэд илүү тод харагдах болно.

Өмд сонгохдоо суудал өндөртэй өмднөөс татгалзах хэрэгтэй. Суудал өндөртэй өмд нь таны биеийг илүү богино харагдуулж, ташаа хэсэгт анхаарлыг татдаг. Костюм, өмд, юбканууд энгийн байх тусмаа сайн. Гэхдээ хэт энгийн буюу дөрвөлжин харагдаж болохгүй. Материалын хувьд ноосон материалтай хувцас сонгохгүй байсан нь дээр. 
Даашинз бол махлаг эмэгтэйчүүдийн хувьд сайн найз байж чадна. Ер нь ямар ч даашинз зохих боловч V хэлбэрийн захтай байвал илүү сайхан харагдана. Өвдөгнөөс бага зэрэг доогуурюбка таныг илүү туранхай гоолиг харагдуулна. 
Дундаж өсгийтэй гутлыг сонго. Өндөр өсгий таныг илүү том, сүртэй болгож харагдуулдаг. Мөн хэт нарийн өсгий таныг болхи харагдуулна. Хэрвээ та харвин хэсгээрээ илүү их махтай бол хэт бие барьсан зүйл өмсөж болохгүй ба аль болох гэдсээ гаргахгүй байсан нь дээр. Мөн махлаг хүмүүс хөлрөх нь их байдаг тул аль болох даавуун материалыг сонгоорой.

-Манай олны танил хүмүүс стильдээ хэр үнэнч байдаг вэ?

-Миний бодлоор стильдээ үнэнч хүн тун ховор. Миний бодлоор олны танил хүмүүс бусад хүмүүсээс илүү “гялалзсан” анхаарал татахуйц хэв маягтай байх ёстой. Манайхан арай л хангалтгүй байгаа юм шиг санагддаг.

Хүмүүс олны танил хүмүүсээс энгийн ард иргэд нь үлгэр жишээ авч өөрийн стиль имиджээбүрдүүлэх ёстой гэж ойлгодог. Гэтэл манайд телевизээр гарч буй олны танил хүмүүс хангалтгүй санагдаад байдаг.

Тухайлбал, “Цэнзүүргүй яриа” нэвтрүүлгийн Л.Мөнхбаясгалан гэж бүсгүй бий. Түүний нэвтрүүлэг үнэхээр анхаарал татам, маш сайн нэвтрүүлэгтэй, маш чадварлаг “мундаг” сэтгүүлч. Өөрөө ч сайхан бүсгүй. Гэвч түүний хувцаслалт нэг л биш санагдаад байдаг.

Ер нь танай ярилцлагаар дамжуулан түүний стилист болохыг хүсдэг гэдгээ илэрхийлмээр байна. Би түүнийг сайхан хувцаслаасай гэж бодож байна. Түүнийг сайхан хувцаслахыг хүсч байна. Яагаад гэвэл Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийг сая сая хүн үзэж байна. Тэр бусдад сайхан харагдах эрхтэй эмэгтэй.

-Улс төрчдийн дунд гадаад имиджээ зөв бүрдүүлсэн хүн байна уу. Ер нь улс төрч хүн гадаадимиджээ яаж бүрдүүлэх ёстой вэ?

-Ц.Оюунгэрэл гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа нар сайхан хувцасладаг, гадаад имиджээ бүрдүүлж чаддаг. Бусдыг нь сайн мэдэхгүй байна /инээв.сур/.

Улс төрч гэхээр заавал уйтгартай хувцаслах байх албагүй. Та бүхэн мэдэж л байгаа байх АНУ-ын тэргүүн хатагтай асан Хилари Клинтоны гадаад байдлыг харсан. Тийм үү. Тэр том том өнгөлөг зүүлт зүүсэн байна, эсвэл цоглог ягаан, шар өнгийн хувцас өмсөж байгаа биздээ. Бид яагаад тэгж хувцаслаж болохгүй гэж.

Улс төрч эмэгтэйчүүд маань гадаад стилээ бүрдүүлэхдээ зоригтой байж, гоёмсог хэрнээ төлөв хувцаслах хэрэгтэй.

Ер нь хувцаслалт гадаад байдлаараа ялгарч чаддаг хүмүүс олны анхаарал, хараанд өртөхдөө илүү байдаг гэж сэтгэл судлаачид үздэг юм билээ.

Харин манай эрэгтэй улс төрчид үнэхээр сайхан хувцаслаж чаддаг. Тэд ихэнхдээ Huga boss, George Armani гэх мэт брэндийн цамц, костьюм өмссөн байдаг.

-Гоёл чимэглэл бол хувцастай зайлшгүй хамт явах ёстой зүйл. Гоёл чимэглэлийг хэрхэн сонгох ёстой вэ?

- Гоёл чимэглэл бүсгүйчүүдийн гол хэрэглээ. Гагцхүү тэдгээрийг нарийн сонгож, хувцастайгаа зөв хослуулбал уламжлалт үнэт гоёл чимэглэлээс илүү дэгжин харагдана. Хамгийн гол нь бүсгүй та өөрөө аксессуарын мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Бидний сайн мэдэх Сваровски, Тиффани, Ланвин гэгчлэн алдартай брэндүүд загварын болон бүсгүйчүүдийн сонголтыг байлдан дагуулж чадсан болохоор л муухан хувцаснаас илүүд үзэгдэж ирсэн. Ийм ч учраас жил бүрийн хувцаслалтын өнгө төрхийн хажуугаар гоёл чимэглэлийн цаг агаарыг мөн тооцоолдог болсон. Энэ оны хувьд өөр хэлбэр загварын, овор хэмжээ том гоёлууд нийтлэг сонголт байх болно. Ялангуяа бүх хувцастай зохицох алтлаг болон мөнгөлөг өнгийн сонин содон хэлбэр бүхий хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг энэ жилийн гоёл чимэглэлийн ерөнхий чиг хандлага байх төлөвтэй байгаа.

Мөн одоогоос 10 гаруй жилийн өмнө моданд орж байсан төрөл бүрийн шигтгээтэй унжлагатай ээмэгнүүд 2016 онд илүү голлох үүрэгтэй байна.

Хамгийн гол нь бүсгүй та өөрт зохиогүй гоёл чимэглэл зүүж гинжтэй нохой шиг харагдах гэсний хэрэггүй. Жишээ нь, бүгд гоё гэж бодсон бүхнээ зүүсэн эмэгтэй хэзээ ч мэдрэмжтэй, бас төгс сайхан харагддагүй. Том ээмэг сонгосон бол хүзүүний зүүлт зүүхгүй, эсвэл эсрэгээрээ том зүүлттэй бол жижиг ээмэг сонгох гэх мэтчилэнгээр хуваарилалтын хувьд тааруулах, мөн өмссөн хувцастайгаа зохилдуулах нь гоёл чимэглэл сонгох, хэрэглэх гол зарчим.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www,gereg.mn

Б.Дэжид