2016 оны 2 сарын 19

XXXI удаагийн олимпийн наадам Бразил улсын Рио-Де-Жанейро хотноо болно. Манай боксийн шигшээ баг тамирчдын олимпийн эрх авах эхний тэмцээн ирэх сарын 23-нд урд хөршийн Тян Шанд болно. Тус тэмцээнд манай орноос улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд эрэгтэй 9 эмэгтэй 3 жинд нийт 12 тамирчин өрсөлдөнө. Тухайлбал эрэгтэй 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-д Ази тив болон Азийн наадмийн аварга ОУХМ Д.Отгондалай 64 кг-д ОУХМ Б.Чинзориг 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр 91 кг-д Д.Ерболот оролцож байгаа бол эмэгтэй 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар улсаа төлөөлөн хилийн дээс алхана.

Тус тэмцээний эрэгтэй алт мөнгөн медаль шууд эрхээ авч байгаа бол хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин хоорондоо өрсөлдөж ялсан нь олимпод оролцох эрхээ авна. Харин эмэгтэй жин тус бүрээс алт мөнгөн медаль хүртсэн тамирчид  Риог зорих тизээ өвөртлөнө. Эмэгтэйчүүдийн хоёр дах эрхийн тэмцээн Казахстаны нийслэл Астанад болох ДАШТ юм. Уг тэмцээнд эхний гурван байрт  шалгарсан тамирчид олимпод оролцоно.

Сүүлийн эрх авах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо 6.14-26 болох бөгөөд дэлхийн бүх эрх аваагүй улсууд оролцоно. Эхний таван байрт  шалгарсан тамирчид олимпийн эрхээ авснаар Рио-Де-Жанейро хотод болох олимпийн наадмийн боксийн төрөлд оролцох тамирчид тодорно. Дашрамд дурьдахад манай ширэн бээлийтнүүд олимпийн наадамд 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Өнгөрсөн 2012 оны Лондонгийн олимпийн наадамд 52кг-д МУГТ Нямбаярын Төгсцогт мөнгө, 64кг-д МУГТ  Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

ww.medee.mn

Б.ГЭРЭЛ