2015 оны 12 сарын 21

Зам, тээврийн сайд М.Зоригт улстөрөөс залхсан бололтой. Энд тэндхийн арга хэмжээн дээр папарацичин хийж, авсан гэрэл зургуудаараа цахим ертөнцийг шуугиулдаг эрхэм сайд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулсан “Гангар хун” шинэ жилийн цэнгүүний үеэр улстөрийг орхихоор шийдсэнээ дуулгалаа.

 

 

Тодруулбал, тэрбээр “Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтаа суусан. Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон.

Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байгаа. Миний хувьд ирэх оноос улс төрөөс  ангид амьдрах хүсэлтэй байгаа” гэсэн юм.

 

Түүнчлэн тэрбээр улстөрөөс татгалзаж, гэрэл зураг болон кино урлагт хүч сорихоор шийдсэнээ ч нуусангүй.