2015 оны 7 сарын 20

Спортын бэлтгэлийн төвийн захирал, Гавьяат тамирчин Б.Наранбаатар албан ажлаа хүлээлгэж өгөөд гурван сарын нүүр үзэж байна. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаанаа засаг солигдож, бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгөх болсон хэмээн тайлбарладаг ч зарим нэг нь улс төрийн шахалтаар ажлыг нь өгүүлсэн гэх юм билээ. Харин энэ талаар тэр нарийн тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлсэн. Одоогоор амралтын байдалтай байгаа тэрбээр ирэх намраас гэр бүлээрээ АНУ-д очиж ажиллаж, амьдрахаар болжээ.

Түүний хувьд 2008 онд МУИС-ийн Хуулийн ангийг дүүргэсэн бөгөөд спортоос гадна хуулийнхаа мэргэжлээр ажиллах бодолтой байгаа гэнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэлний бэлтгэл, сургуулилтад сайн суусан гавьяат маань ийнхүү гадаадад мэргэжил дээшлүүлэхээр болжээ.

Эл байдлаас нь харахад түүнийг чөлөөт бөхөөс бүрмөсөн зодог тайлах нь уу гэсэн таамаглал гарсан бөгөөд энэ асуултад Гавьяат тамирчин Б.Наранбаатар “Албан ёсоор зодог тайлах ёслол хийнэ. Гэхдээ хугацааг нь товлоогүй. Ер нь бол аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ. Өнгөрсөн жил би дүү нартаа хэлж л байсан. Нэг л өдөр би барилдахаа болино. Тэр үед дүү нар бэлэн байгаарай. Өрсөлдөнө гэдэг бол Монголд биш дэлхийд өрсөлдөхийг хэлж байгаа юм. Тэр хэмжээнд өөрийгөө бэлдэх ёстой. Мэдээж, дотоодын өрсөлдөөн гэж байна. Гэхдээ бидний өрсөлдөх талбар бол дэлхийд шүү дээ. Би хэн бэ гэдгээ Монголоосоо гараад таниулах хэрэгтэй шүү” гэлээ.